Сүүлийн үед сэтгэлзүйн хувьд эдгэрэх, тогтвортой сэтгэлзүйтэй, чанартай амьдрахад одоодоо төвлөрөх маш чухал гэсэн санаа хаа сайгүй дэлгэрэх болсон. Coffee namu-гийн философи маш энгийн хэр нь хэн хүнгүй уншаад өөртөө тусгаж авмаар, амьдралд ойрхон сэдэв ажээ. Тэд “Амьдрал бол энэ мөч” хэмээн тунхаглаад, “энэ мөч” гэх үгийг “quality time” гэх нэршлээс санаа аван, яг одоодоо амьдрах утгыг нь тодотгон онцолжээ. Товчхондоо энэ мөчөө анзаарч, энэ мөчийнхөө чанарт анхаарвал амьдрал бүхэлдээ чанартай, сэтгэлзүйн хувьд тогтвортой үргэлжилнэ гэсэн агуулгатай. Үнэхээр л жааз хөгжмийн аянд сайхан кофе шимээд, цонхоор ширтэн тайван суух нь магад бидний санаснаас ч илүү чухал хэрэгцээ байж болох юм. Тэд бидэнд энэ мөчийн чухлыг сануулжээ.
БНСУ-ын сүлжээ кофе шоп Coffee namu-гийн хоёр дахь салбар Сентрал Тауэрийн хоёр давхарт байрладаг. Яваад ороход өндөр тааз нь ямар нэг засвар хийгээгүй, агааржуулалтын хоолойнууд бүхий саарал бетоноороо харагдах бөгөөд энэ нь “naked” хэмээх интерьерийн чиг хандлага юм санж. Мэдээж тэрхүү засаж янзлаагүй юм шиг таазыг шаргал гэрэлтүүлэг, модон ширээ сандлууд зөөллөх бөгөөд бүхэлдээ халуун дулаан, минимал байдлыг илтгэнэ. Таазнаас эхлээд шал шүргэсэн, цэлгэр цонхнуудаар нь Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын улаан барилга цэлийх нь яг л уран зураг шиг харагдах аж. Магад энэ хотын хамгийн гоё “цонхоор харагдах үзэмж”-тэй газар энэ л юм байна гэсэн сэтгэгдэл төрнө.
@coffeenamu_official
Аяга кофе таны гар дээр ирэх хүртлээ халуун бүсийн тохиромжтой өндөрлөгт арчилж тордон ургуулахаас эхлээд хууралт, бутлалт, чаналтын алхам бүрийг өөгүй төгс хийхийг шаардан, урт холын замыг туулдаг. Эдгээр кофенууд дунд нэг үрийн спешалти кофенууд (single origin, specialty coffee) онцгойрон ялгарах бөгөөд онцлог амтыг нь цэврээр гаргахын тулд мэргэшсэн бариста нар pour-over аргаар, чамгүй ур чадвар гарган бэлтгэдэг аж.
Тэгвэл Coffee namu-д энэхүү спешалти кофег шинэхнээр нь хуурч, pour-over аргаар бэлтгэн үйлчлүүлэгчдээ санал болгодог байна. Мөн эспрессо кофены үрээ дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн, 70 гаруй жилийн түүхтэй Mazzer брэндийн бутлах машин дээр буталж, 96 жилийн түүхтэй, алдарт La Marzocco-гийн эспрессо машин дээр бэлтгэж өгдгөөрөө онцлог. Кофены соёлыг дарсны соёлтой жишин тун нухацтай ханддаг Coffee namu-гийн хамт олон цаашдаа спешалти кофены тал дээр маш олон ажил хийхээр төлөвлөснөө бидэнд ярьсан билээ.
Coffee namu-гийн бас нэг дурдахгүй байхын аргагүй зүйл бол амтат бялуунууд юм. Харагдах байдал нь энгийн, элдэв чимэг багатай хэр нь нэг л гоёмсог тус бялуунуудаас хамгийн түрүүнд нүдэнд туссан нь “red velvet” байлаа. Чийглэг улаан хилэн кекс, аманд зөөлөн ууссан цөцгийн кремийн хослол яг л харагдах үзэмж шигээ салахын аргагүй, шинэлэг амтыг мэдрүүлнэ. Баярын ширээгээ часхийсэн амттай, чамин дессертээр чимье гэвэл эндхийн бялуунууд тун тохиромжтой санагдлаа.
Coffee namu-гийн бас нэг онцлог нь кофе шопдоо “Nomadd” брэндийн бүтээгдэхүүнүүд болон Номад Паблишингийн номуудыг худалдаалдагт оршино. Үүсгэн байгуулагчид нь анх хэрэглэгчдэдээ зориулан тав тухтай орчныг эрэлхийлснээр тус кофе шопын сүлжээ Монголд нутагших эхлэл тавигджээ. Номын тавиураас сүүлд гарсан “Бүтээ” номыг нь эргүүлэн суухдаа, үнэхээр л дуртай номоо кофе шимэн, тухлан сууж уншаад худалдан авах нь цаг хэмнэсэн, таатай худалдан авалт байж болохоор санагдав.
Coffee namu
Хаяг: Салбар 1, УБ хот, СБД, 1-р хороо, Ай Си Тауэр (IC tower), 2 давхар
Салбар 2, УБ хот, СБД, 8-р хороо, Сентрал Тауэр (Central tower), 2 давхар
Facebook: Coffee Namu Mongolia
Instagram: @coffeenamumongolia
Утас: 7772-4422